Дэлхийн соёлт хүн төрөлхтний өв их санд Монголчуудын оруулсан бас нэгэн гайхамшиг бол бий биелгээ юм. Гайхамшигт энэ урлагийг гагцхүү нүүдэлчид бүтээж, хэзээ ч хэн ч давтаж чадахааргүй ардын сонгомол урлагийн нэг төрөл болгон хөгжүүлжээ.
Урианхай, торгууд, дөрвөд, баяд, захчин, хотон, мянгадын бий биелгээ нь ахуй байдлын нийтлэг хэв шинжээрээ адил төстэй мэт боловч, хөдөлгөөн тус бүрдээ өөр өөр намба төрх, утгыг хадгалсан, өвөрмөц давтагдашгүй шинжийг агуулдаг байна.
Амьдралынхаа ихэнх үеийг ардын урлагийг хөгжүүлэхэд зориулсан бий биелээч Ш.Амгалан гуайг бид Дархан-Уул аймгаас онцолж байна. Өдгөө 68 нас насалж буй Ш.Амгалан нь 7 настайгаасаа эхлэн аавыгаа дагаж урианхай бий биелгээг биелж эхэлжээ.
Тэрээр Дархан-Уул аймагт урианхай бий биелгээг дэлгэрүүлэхийн тулд 5 хүний бүрэлдэхүүнтэй хамтлаг байгуулсан байна.
Ш.Амгалан: Урианхай угсаатны дунд цацал, мөргөл, хатиргаа гэх мэт олон төрлийн биелгээ байдаг. Урианхайчууд огцом тохиж биелнэ. Гар болон цээжин биеийн огцом түргэн хөдөлгөөн, дал мөрний хаялга, цохилго, сугсралт зэргээр Монгол хүний намба төрх, сэтгэл хөдлөл, зан үйлийг илэрхийлдэг юм. Бий биелгээ бол амьдралын хэв маяг, ард түмний аж байдал, үйл хөдлөл, зан заншил, бэлгэдлийг яг тэр байдлаар нь уламжлан авч явдгаараа үнэ цэнтэй хэмээн Ш.Амгалан өгүүллээ.
Ш.Амгалан бол урианхай угсаатныхаа олон төрлийн бий биелгээний донж маягийг натур байдлаар нь дахин давтагдашгүйгээр эзэмшсэн ховор нандин ардын авьяастны нэг юм.