Соёл, урлагийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлэх төслийн сонгон шалгаруулалт зарлагдлаа
2024-03-28

Соёлын яамнаас соёл, урлагийг хөгжүүлэх, сурталчлан таниулах, соёлын өвийг бүртгэх, судлах, хадгалан хамгаалах, сэргээн засварлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Соёл, урлагийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлэх төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Сонгон шалгаруулалтад хамрагдах төсөл, арга хэмжээний төрөл:

1.Соёлын өвийг хадгалж хамгаалах, сурталчлах, мэдээллийн нэгдсэн сан байгуулж, баяжуулах төсөл арга хэмжээ

2.Урлаг, утга зохиолын шинэ уран бүтээл туурвих, нийтийн хүртээл болгох (ном, СиДи хэвлүүлэх гэх мэт) төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ

3.Төсвийн хөрөнгөөр бүтээх үндэсний уламжлалт болон сонгодог урлагийн бүтээл туурвих төсөл, арга хэмжээ

4.Соёлын өв, үндэсний соёл, урлаг, утга зохиолын бүтээлийг гадаадад болон өөрийн оронд сурталчилсан дуу авианы бичлэг хийх, ном хэвлүүлэх, соёл, урлагийн мэргэжлийн сонин, сэтгүүл гаргахад дэмжлэг үзүүлэх төсөл, арга хэмжээ

5.Соёл, урлагийн тоглолт хийх, түүх, соёлын дурсгалт зүйл, уран бүтээлийн үзэсгэлэнг гадаадад болон өөрийн оронд зохион байгуулах

6.Монгол судлаачийг бэлтгэх, монгол судлаач, эрдэмтний шилдэг бүтээлийг шалгаруулж, хэвлүүлэх, сурталчлахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсөл, арга хэмжээ

7.Соёл, урлагийн байгууллагад онцгой шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хөгжмийн зэмсэг худалдан авах

8.Хүүхдэд уран сайхан, гоо зүйн мэдлэг олгох уран бүтээл туурвих, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулах төсөл, арга хэмжээ

Төслийн санхүүжилтийн хувь хэмжээ:

1.Хувь хүнд олгох төслийн санхүүжилтийн дээд хязгаар 20,000,000.0 (хорин сая) төгрөг байна.

2.Хуулийн этгээдэд олгох төслийн санхүүжилтийн дээд хязгаар 50,000,000.0 (тавин сая) төгрөг байна.

3.Сангийн нийт санхүүжилтийн 25 хувийг хүүхдэд уран сайхан, гоо зүйн мэдлэг олгох уран бүтээл туурвих, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулах төсөл, арга хэмжээнд олгоно.

Төслийн баримт бичигт тавигдах шаардлага:

1.Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх;

2.Төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, цар хүрээ, ач холбогдол, урьдчилсан үр дүнгийн төсөөллийг гаргасан байх;

3.Төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх туршлагатай байх, ижил төстэй төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байсан бол холбогдох гэрээ, баримт мэдээллийг ирүүлэх;

4.Төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын болон санхүүгийн төлөвлөгөө, тооцоолол хийсэн байх;

5. Сонгон шалгаруулалтад оролцогч иргэн, хуулийн этгээд нь сүүлийн 2 жил тус сангаас санхүүжилт авч байгаагүй байх, түүнээс өмнө санхүүжилт авч байсан бол гэрээний биелэлт, үр дүнгийн талаарх товч тайланг хавсаргасан байх;

6.Сонгон шалгаруулалтад оролцогч нь хуулийн этгээд бол байгууллагын гэрчилгээ, иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлэх;

7.Сонгон шалгаруулалтад оролцогч нь банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл төлбөргүй байх, түүнийг гэрчлэх холбогдох баримт, зээлийн мэдээллийн лавлагааг ирүүлэх;

8.Сонгон шалгаруулалтад оролцогч нь зөвхөн нэг төсөл хэрэгжүүлэх хүсэлт ирүүлэх.

Хамрагдах боломжгүй төсөл:

1.Бүтээлийн хувьд зохиогчийн эрхийн зөрчилтэй болон маргаан бүхий төсөл

2.Соёл, урлагийн сангаас өмнө нь санхүүжилт авч байсан төсөл, арга хэмжээ

Төслийг цахимаар хүлээн авах хугацаа:

Төслийн материалыг зөвхөн дор дурдсан хугацаанд цахимаар хүлээн авна.

Эхлэх: 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 08.30 цаг
Дуусах: 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 17.30 цаг

Та энд дарж төслийн материалаа ирүүлнэ үү (Тухайн хэсэг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 08 цаг 30 минутаас 04  сарын 30-ны өдрийн 17 цаг 30 минутын хооронд идэвхжинэ)

Төслийг ирүүлэх заавартай энд дарж танилцана уу.

Холбоо барих утасны дугаар: 51-265628

Санал хүсэлтээ sudsan@moc.gov.mn хаягаар илгээнэ үү (Тус хаягаар төслийн материал хүлээн авахгүй)

Журамтай танилцах бол энд  дарна уу

Жич: Шалгарсан төслийн хэрэгжих (үргэлжлэх) хугацаа:

Төсөл нь шалгарсан тохиолдолд төслийг хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулах бөгөөд гэрээний хугацаа нь гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш тухайн санхүүгийн жил (2024 он)-ийг дуусах хүртэл байна. Хугацааг гэрээнд нарийвчлан тусгана.

# Сэдвүүд
Uncategorized
Үйл явдал