“ХАЛХЫН ГОЛ ТАНГАРАГ” ДРАМЫН ЖҮЖИГ
Буриад Улсын Хоца Намсараевын нэрэмжит Драмын академик театрт саяхан нээлтээ хийж үзэгчдийг шуугиулсан “Халх гол Тангараг” нэртэй жүжиг, Монголын үзэгчдэд зориулсан аялан тоглолтоо өчигдрөөс эхлүүлж байна. Хойноос орж ирэнгүүтээ Дархан хотын “Залуучууд” театрт эхний тоглолтоо хийхэд нь үзлээ.
Тун сонирхолтой жүжиг байна. Тэр болгоныг нь ярихаас өмнө жүжиг бүтсэн түүхээс нь хуваалцъя. Халх голын байлдааны түүхт 85 жилийн ойд зориулсан драмын жүжиг бүтээх санааг Буриад Улсын төрийн тэргүүн Алексей Самбуевич Цыденов эхлэн гаргасан нь бүр ч онцлогтой. Жүжгийн гол утга санааг эхлээд бодит баримтаас авахын тулд эрэл хайгуул хийж, Халх голын байлдаанд оролцож явсан энэ нутгийн хүмүүсээс өдгөө амьд сэрүүн байгаа цор ганц хүнийг олсон байна. Энэ хүн болох Монголын Дорнод аймгийн буриад ястан Цэрэнгийн Чимэдцэрэнтэй өнгөрсөн онд Буриадын Улсын төрийн тэргүүн өөрөө биечлэн уулзжээ.
Дараа нь мэдээж жүжгийн уран бүтээлчдийн багийг илгээв. Байлдааны үед цэргийн хээрийн эмнэлэгийн сувилагчаар алба хааж байсан, дайны амьд гэрчийн дурсамж ярианд тулгуурлан Буриадын нэрт жүжгийн зохиолч Геннадий Башкуев “Тангараг. Чимэдцэрэнгийн цагаан зам” гэсэн жүжгийн зохиолоо, үзэгчдийн нэрлэж заншсанаар “Бур театр”-т тусгайлан зориулж бичжээ. Уг зохиолоос сэдэвлэн найруулагч Олег Юмов “Халх гол Тангараг” нэртэй жүжиг тайзнаа амилуулсан нь энэ юм.
Жүжгийн үйл явдал их онцлогтой санагдлаа. Тайз дэлгэцэнд, дайн байлдааны сэдэвтэй бүтээлд төдийлэн тодорхой ил гардаггүй, эмнэлгийн сувилагч асрагч нарын тэмцэл бодит үйлсийг гол шугамаа болгон үзүүлж байгаа нь сонирхолтой. Жүжгийн гол дүрүүд нь бүр ч өвөрмөц. Насанд хүрэх яагаа ч үгүй, бүр арван гурав, арван тав зургаахан насны охид жүжгийн гол баатрууд гээд бод доо.
Бодит түүхийг тодруулахад Дорнод аймгийн Баяндун сумын арван зургаан яг ийм эрэлхэг зоригтой охид, байлдааны хээрийн эмнэлэгт сайн дураараа ажиллаж байжээ. Жүжигт дүрслэн үзүүлснээр, төрсөн нутаг усаа дайснаас хамгаалж, амь биеэ хайрлахгүй тэмцэнэ гэж энэ жаахан охид бүгд нийлж, цусан тангараг тавиад байлдааны талбарт ирж байна. Гайхалтай ховор жишээ.
Гол дүрүүдийг авьяастай залуухан жүжигчид маш сайн чадварлаг гаргаж харууллаа. Яг өөрийнх нь насны жүжигчид тоглосон нь жүжгийн үйл явцыг их сонирхолтой болгожээ. Дүрүүдээ ёстой л гялалзтал бүтээж чадлаа.
Жүжгийн гол санаа бүх насныханд зориулагдсан болов ч үндсэндээ залууст чиглэгджээ. Халх голын байлдааны 85 жилийн ойд зориулсан мэдээлэл сурталчилгаа олон сараар явлаа. Албаны энэ мэдээлэл залууст наалдац муутай байсан. Тэгвэл энэ жүжгийг л манай залуус их үзээсэй гэж хувьдаа хүсэж байна. Учир нь өсвөр залуусын өөрсдийнх нь хэлээр жүжгийн баатрууд ярилцаж байгаа учраас маш ойлгомжтой.
Тайзан дээр өрнөж байгаа үйл явдал залуу үзэгчдийн зүрхэнд хүрч чадаж байгаа нь Дарханы тоглолтоос тод харагдлаа. Зөвхөн залуучууд л мэдрэх гэнэн хүсэл мөрөөдөл, итгэл найдвар, хайр дурлалын хэлээр жүжиг хүүрнэж байна. Дайны хэцүү сэдвийг залуусын өнцөгөөс тавьсан нь хамгийн гол ололт болжээ. Залуус бүтэн хоёр цагийн турш жүжгийн баатруудтайгаа хамт баярлаж гуньж, хагацаж учирч нүдэндээ нулимс дүүрэн догдолж үзлээ.
Жүжгийн дайн байлдааны эсрэг тэсрэг зөрчилтэй дүрүүд нь хүний мөс, чанарыг бүхнээс илүүд тавьж байна. Дайсны олзлогдсон цэрэгт сувилагч охин өөрийн цусаа өгч амийг нь аварч, эмчлэн эдгэрүүлж байгаа нь мөн ч ховор жишээ дээ.
Жүжгийн тайзан дээрх тоглолтыг арын дэлгэц дүүрэн үзүүлсэн баримтат киноны хэсэг, жүжигчдийн уран сайхны тоглолт, амьд дуу авиатай хослуулсан нь үйл явдлыг илүү ойлгомжтой гоё болгон чимлээ.
Буриадын уран бүтээлчид энэ жүжгээ өөрийн театртаа буриад хэлээр тоглох юм байна. Ингэхдээ Хорь буриад, Эрхүүгийн Буриад болон бусад аймгийн онцлог нутгийн аялга мөн Орос хэлээр тоглохоор бэлджээ. Энэ удаа Монголд айлчлан тоглоход зориулж тусгайлан Буриадын зэрэгцээ Халх Монгол хэлэн дээр тоглохоор орчуулж, жүжигчид нь бэлтгэл сургуулилт хийгээд ирсэнд нь бахархлаа.
Буриаддаа нээж тэсрэлт авчирсан жүжиг Монголд ийнхүү айлчлан ирлээ. Дарханы үзэгчид анхлан үзсэн нь бүр ч азтай. Одоо Төв аймаг, нийслэл хотынхон, дараа нь Хэнтий, Дорнод, Орхон аймагт тоглохоор замдаа гарлаа.
Сэтгэл хөдөлсөндөө дахин хэлэхэд жүжигчин залуус, тэр тусмаа басган охид жүжигтээ адтай сайн тоглолоо. Гарал угсаа нэгтэй үзэгчдийнхээ цөсийг хөөргөж омогшуулж байлаа, та нар.
Буриадын театрт энэ удаа сэтгэл татагдлаа. Дархан, Улаан Үүд хоёр жар гаран жил ахан дүүгийн барилдлагатай яваа хотууд шүү дээ, учир бас байна аа, байна. Оюутны таван жилд тохой залган суусан буриад охидын царай төрх нүдэнд харагдаад эхэллээ…Жүжиг, юм юм л санагдуулж байна…
Анд нөхөд минь, “Халхын гол Тангараг” жүжгийг амжиж үзээрэй.