ДАРХАН-УУЛ АЙМАГ ОЙРЫН 1.5 ЖИЛД НИЙТ ХҮН АМЫНХАА ТООГ 20 ХУВИАР НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
Дархан-Уул аймагт 2022 онд Улаанбаатар хот болон 20 аймгаас нийт 2629 иргэн шилжин ирсэн. Үүнээс хамгийн их нь Сэлэнгээс 897, Улаанбаатараас 789 иргэн тус тус шилжин ирж суурьшсан байна.
Орхоноос 108, Хөвсгөлөөс 107, Баянхонгороос 73, Төв аймгаас 71, Өмнөговиос 67, Булганаас 66 гээд бусад аймгуудаас Дарханыг зорьж ирэн ажиллаж, амьдарч байгаа иргэдийн тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна.
Одоогоор Дархан-Уул аймаг 107 мянга гаруй хүн амтай. Тэгвэл Улаанбаатарын төвлөрлийг сааруулах хүрээнд аймгийн хүн амыг ойрын 1.5 жилд 20 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэсэн судалгаа байна.
Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тухайлбал Дархан хотод их дээд сургуулиудын цогцолборыг байгуулан Анагаах, Хөдөө аж ахуй зэрэг их дээд сургуулиудад хөтөлбөр солилцох хүрээнд оюутан залуучуудыг сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамруулах, орон нутагт шилжин ирсэн ААН-үүдийг бодлогоор дэмжих, хөтөлбөр төсөлд хамруулах зэрэг олон боломжууд байгаа юм.
Мөн Залуус хорооллыг байгуулах, Гангийн үйлдвэрийг байгуулах зэргээр иргэдийн амьдрах орчин нөхцөл, ажлыг байрыг нэмэгдүүлэх боломжтой.
Улаанбаатараас орон нутагт шилжин суурьших иргэд, ААНБ-ыг дэмжих “НЭЭЛТТЭЙ ДАРХАН” хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах сургалт хэлэлцүүлгээр Дархан хотод шилжин ирж суурьших иргэн, ААНБ-дад яг одоо ямар боломж байгаа, ямар боломжийг хэдий хугацаанд бий болгох, УИХ, ЗГ-ын түвшинд шийдвэрлэх бодлогын ямар тулгамдсан асуудлууд байгааг ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг, аймаг орон нутгийн удирдлага, иргэд, ААНБ-ын төлөөллүүд нээлттэй хэлэлцэж байна.